• Монголчуудын ахуй амьдрал болон нийгэм улс төрд ураг төрөл бололцох ёслол нэн чухал байр суурь эзэлдэг эртний түүхэн уламжлалтай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн халх ураг төрлийн ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв. Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ёс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэд эрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэй холбоотой юм.
    Халх ураг барилдах ёс, зан заншил нь Монголчуудын төдийгүй, олон орны үндэстэн, ястны нэгэн адил бэр гуйж худ ураг барилдах баталгаа болгож хадаг барьж сүйн инж хүргэхээс эхлэн хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол зэрэг хэд хэдэн үе шаттай бөгөөд эдгээр нь тодорхой утга агуулгатай байсан. Халх Монголчууд хөвгүүдээ 18-25 нас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож ам бүлд өмч хөрөнгө хувь болгон өгч өрх тусгаарладаг нийтлэг заншилтай байжээ.
    Монголчууд охидии 17 нас хүрэхэд цусан тамир нь бүрдсэн хэмээн эрд өгөх, хөвгүүдээ 18 нас хүрэхэд цусан чөмөг нь бүрдлээ гэж үзэж ураг барилдуулах талаар эцэг эх нь санаа тавьж эхлэдэг байж.
    Халх ураг барилдах ёс нь хоёр талын эцэг, эхийн эрх мэдлийн хүрээнд явагддаг байсан ба шашны нөлөө нилээд байсан. Хөвгүүний эцэг эх хүүдээ бэр сонгохдоо, цаашдын хамтын амьдрал ямар байх талаар лам хуврагаар мэрэг, төлөг буулгаж, бэрийн ерөөл ламаар уншуулан, хувь тавилан нь тохирч байна гэж үзвэл зууч явуулан охины эцэг эхээс(өвгөд, эмгэдээс) бэр гуйж, холбогдох ёсны зан үйлийг гүйцэтгэдэг байв.
    Халх бэр сонгох ёс нь их эртний уламжлалтай бөгөөд түүнд охины яс омог(овог) хүүгийн талтай төрөл садан биш байхыг эрхэмлэдэгийн зэрэгцээ зан ааш, намба төрх, ажил хөдөлмөр, оёдол үйл зэргийн ур чадварыг ихэд онцгойлон шинждэг. Бэр гуйх зууч болох хүн сонгох ёс нилээд нарийн агуулгатай бөгөөд нас тогтсон, ахимаг насны зан чанар сайтан, ёс заншилтай хүн явуулахыг эрхэмлэдэг уламжлалтай. Бэрийн зуучийг бэлгэдэлт сайн өдөр охины гэрт илгээж, ураг барилдах бэр гуйж буйгаа эцэг эхэд нь мэдэгдэн ураг бололцох тухай уран нарийн утга төгөлдөр үгсийг хэлж хадаг яндар барьдаг ёстой.
    Зууч зорьсон айлдаа очиж:
    “Танайд үр, төрийн хэрэгтэй ирлээ
    Танайд хонин жилтэй арван найман настай
    Танхил хонгор охин бий гэнэ
    Манайд нэг хүү байна.
    Түүнийхээ утааг үзэж орон гэр болгох хүсэлтэй явна.
    Та бүгдийн ууж хормой
    Уужим суганд багтааж гэр бүл болгох ийм хүсэлтэй явна” гэсэн утга санаа бүхий уран үгс хэлдэг байна.
    Зууч нарын хэлдэг ийм маягын үгс нь янз бүр байсан боловч ураг ойртуулдаг охин гуйх ёс нь адил билээ.
    Халх монголчууд хуримын өмнөх заншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ёгт бэлгэдэлийн чанартай “ эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ёс байсан нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохын бэлгэдэл болж байжээ.
    Ийнхүү хүү талаас үйлдсэн хуримын өмнөх зан үйл, ёслолыг охины тал хүлээн зөвшөөрсөн бол хүү, охины нас, жилийг хослон, ивээл махбодыг үзүүлж, харш биш болбоос ураг барилдах ургийн хэрэг бүтдэг байна.
    Харин жил махбодь харш хэмээгдвэл охины тал гуйлтыг хүлээн авахад хэдийгээр татгалзахгүй байвч ураг барилдах ёсны дагуу цээртэй байжээ.
    Монголчууд аргын тооллын ойлголтоор 12 жилийг гурав гурваар ивээл жил гэж үздэг бөгөөд ялангуяа ураг төрөл барилдах ургийн хэрэгт ивээл жилийг их эрхэмлэн үзэж, тэдний цаашдын хамтын амьдрал жаргалтай байхын билгэдэл гэдэг ажээ.
    Ургийн хэрэг ёс горимын дагуу тогтсон цагт хоёр талын тохиролцоо ёсоор хүүгийн тал охины эцэг, эхэд бэлэг хүргэдэг. Энэ нь охиноо өгснийх нь хариу гэж тооцогдон “сүй бэлэг” хэмээгдэн нэрлэгдэж заншжээ.
    Халхын сүй бэлэгт эд агуурс, бөс бараа, сондгой тоотой мал, ялангуяа морь голлодог байжээ. Эдгээрээс гадна. “Сүй” бэлэгт идээний зүйл, тэргүүнд сүүний архи (нэрмэл) ордог. Ураг барилдах ёсны сүйн бэлэг бол гэр бүл болох үйл явдлыг эд агуурс, аж ахуй өөрөөр хэлбэл, гэр бүл тогтохыг эдийн засгийн үүднээс баталж байгаа тухайн үеийн хэв маяг, хууль цаазын учир холбогдолтой байсан гэж үзэж болох юм.
    Иймээс сүй бэлэг төлөөгүй бол төрсөн хүүхэд хууль бус гэгдэж зөвхөн эхэд хамаарна гэж үздэг байсан ажээ. Сүй бэлгийн хариуд худ талаас “инж” хэмээх бэлэг бэлтгэн охинтойгоо хүргүүлдэг байжээ. Инж бол охины талын хөрөнгө чинээнээс хамаардаг байсан бөгөөд инжинд авгайн үс, гэзэгний бүрэн хэрэгсэл, чимэг зүүлт, дөрвөн улирлын бүрэн хувцас хунар, ор дэрний (буйдан) хэрэглэл, авдар сав, үхэг болон гал тогооны эд, саалийн үнээ, хэдэн толгой бог мал багтахын хамт бүтэн тоног хэрэгсэлтэй уналгын морь нэгийг заавал оролцуулан явуулдаг заншилтай байжээ. Хүү тал хүүдээ гэр төхөөрч, бүх тавилга бэлтгэдэг ёстой ба зарим орон нутагт гэрийн дотоод тавилгын баруун талын тавилга заслыг худын тал, зүүн талынхыг худийнхан төхөөрдөг байв.
    XIX зууны эцэс, XX зууны эхэн үед харц олны хуримын зан үйлд “хүүхэн босгож” (оргуулж) гэрлэх хэлбэр нэлээд дэлгэрчээ. Хүүхэн босгуулж гэрлэх нь хос залуусын санаа сэтгэлийн тохиролцооны үндсэн дээр болзсон хугацаандаа шөнийн цагаар эрэгтэй нь хэсэг нөхдийн хамт юмуу эсвэл ганцаараа хөтөлгөө морьтой ирж хүүхнээ босгож (оргуулж) аваад хүүхний эцгийн гэрийн өрхний оосор болон тотгоноос хадаг зүүж, охиныг оргуулан аваачсанаа мэдэгдэж буй тэмдэг тавьдаг ажээ. Хүүхэн оргуулж авчраад гурав хоносны эцэст хүүгийн эцэг уг охины эцгийнд очиж бэр гуйх зан үйл гүйцэтгэн эцэг, эхтэй нь хуримын ёслол, найр хийх өдрөө тогтоодог байжээ.

  • Хайртай залуу чинь гэрлэх санал тавьсан бол…

  • Зүрх сэтгэлээ өгсөн хайртай хүнтэйгээ түүнээсээ гэрлэх тухай саналыг сонссон ямар ч бүсгүй хүн аз жаргалд умбах нь мэдээж.

  • Гэхдээ нөхөрт гарах гэж яаран шийдвэр гаргах нь зарим талаар алдаа ч болох нь бий. Учир нь гэрлэлт гэдэг тоглоом биш. Бүсгүй таны нэг насны амьдралын асуудал гэдгийг мартаж болохгүй.

  • Хэрэв хайртай залуу чинь гэрлэх санал тавьсан бол:
    • Үнэхээр хайртай хүнтэйгээ учирсан гэдэгтээ бат итгэлтэй байгаагаа шалгаж мэд. Ингэхийн тулд сэтгэл зүрхээ сайтар сонсох хэрэгтэй.

  • • Нөхөрт гарах цаг нь болсон гэдэгтээ та өөрөө итгэж байна уу. Хэрэв ямар нэгэн зүйл дээр эргэлзээтэй санагдаж байвал сайн бодож үзээрэй.

  • • Хайртай хүнийхээ зан араншин болон янз бүрийн ноцтой дутагдлыг нь үерхэж байгаа хугацаандаа мэдэж чадсан эсэхээ сайтар эрэгцүүлж бод.

  • • Хэрэв үнэхээр чадсан бол сайн хэрэг. Учир нь нэг гэрт орохоосоо өмнө бие биенийхээ сайн мууг нь эртнээс мэдэж авах нь цаашид хэрхэн яаж хандах болон ирээдүйд ямаршуухан байдалтай байх нь их бага хэмжээгээр өөрт төсөөлөгддөг. Уг төсөөлөл нь таны амьдралыг зөгнөж өгөх талтай байдаг.

  • • Хэрэв та хоёр үнэхээр бие биендээ хайртай, цаашид хамт амьдрахад асуудалгүй, цаг нь болсон гэж үзэж байгаа бол гэрлэх ёслолоо нэр төртэйгээр хийж, хуримын бөгжөө солилцож, гэрлэлтийнхээ баталгааг авах аз жаргалтай цаг мөчийг л хүлээх үлдлээ дээ.

  • • Гэрлэх саналыг сонсоод зөвшөөрч байгаа бол хуримын өдрийг товлосны дараагаар бэлтгэл ажилдаа орох хэрэгтэй. Учир нь ихэнх хүмүүс цагийг нь тулгаж үгүй бол 2-3 сарын өмнөөс бэлддэг. Тэгвэл хуримын бэлтгэл ажлыг хийх хамгийн тохиромжтой хугацаа нь 5-6 cap байдаг ажээ.