Гарын таван хуруу
Эрхий хуруу шигээ байх сан
Эсгэсэн тангарагтаа дэндүү үнэнч
Ижил бусаддаа гэмгүй тусч
Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай
Салаавч өгөхөд чухал үүрэгтэй
Эрхий хуруу шигээ явахсан

Долоовор хуруу шигээ явахсан
Доромжилж тарласан нүдний харцыг сох хатгаж чадах
Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах
Долоовор хуруу шигээ явахсан

Дунд хуруу шигээ явахсан
Дургүй хүргэсэн нэгний өөдөөс
Дураараа гозойж чаддаг
Дурлалт бүсгүйнхээ нандин газарт
Дурыг нь оргилтол бүжиж чаддаг
Дунд хуруу шигээ явахсан

Ядам хуруу шигээ байхсан
Янагийн бөгж зүүж гангарсан
Ямбалж сэржим өргөж чангарсан
Элдэв бүхэнд орооцолдоод байдаггүй
Эрхэмсэг бас ихэмсэг
Ядам хуруу шигээ явахсан

Чигчий хуруу шигээ явахсан
Чих болон хамар ухахад нэн чухал
Чигчлүүр мэт амин хэрэгцээтэй
Тангаргаасаа няцаж зангаргаасаа ухарвал
Тас огтлуулахад ч бэлэн
Чигчий хуруу шигээ явахсан.

Андын ёсоор сунгасан
Атгасан гар шигээ эвтэй явахсан
Зангирсан их эрч хүчээр дүүрэн
Зангидсан нударга шигээ эрэмгий явахсан
Шударга үнэний төлөө хугачуулж чадах
Шууныхаа махыг тасартал хэмлүүлж чадах
Энэ муу хоёр гар шигээ л
Эцсийн эцэст эрхий хуруу шигээ
Эс бөгөөс бас дунд бас хуруу шигээ
Гариг дэлхийгээс буцатлаа
Гарынхаа таван хуруу шигээ явахсан.