Балет …
Хамгийн гоё нандин урлаг бол балет. Гоо сайхан гэж юу байдгийг эндээс харж мэдэрч болно. Гоо сайхан гэдэг юуны өмнө гадаад үзэмж, бие бялдрын өөгүй тэгш хөгжил. Гэхдээ хүний оюун бодол, дотоод сэтгэлийн гоо сайхныг харуулаагүй бол, гаргаж тавиагүй бол уран бүтээл зорилгодоо хүрэх гэж үгүй. Чухам ийм хоёр зүйлийн сайхны нэгдэл болсон балет хэмээх урлагийн төрөлтэй бид хэр танил вэ.

BALLET хэмээх франц үгийн латин гарал нь ballo буюу “би бүжиглэж байна”. Балет яаж бүтдэг вэ. Сэдэв, үйл явдал нь либретто /манайхан мөн либрет л гэдэг/ гэж нэршсэн зохиолд буусан байна. Хөгжмийн зохиолч түүнийг үндэслэн бүтээлийн агуулга, утга санааг илэрхийлсэн хөгжим бичнэ. Тэгээд бүжиг, пантомимо тавигдана. Мөн тайз засал, хувцас хэрэглэлийг бүрдүүлнэ. Тэгэхээр балетыг босгоход зохиолч, хөгжмийн зохиолч, балетмейстер (дэглээч), зураач хамтарч ажилладаг гэсэн үг. Балет баатарлаг, уянгын, инээдмийн гэх мэтчилэн олон төрөл байх. Балетмейстерийн урлан бүтээсэн бүжгийг балетийн жүжигчид гүйцэтгэнэ. Жүжигчид нь гүйцэтгэх үүрэг оролцооны хувиар балерина буюу голлон бүжиглэгч, манлайлан бүжиглэгчид (корифей), нийтээр бүжиглэгчид (кардебалет) гэж ялгардаг.
Балет 14р зууны төгсгөлд үүсч бий болсон гэж үздэг байна.
Эрт үеэс уламжлагдаж ирсэн бүжгүүдийн дундаас анх Италид ахуйн болон театрын бүжиг ялгарч ирсэн он цагийг ийнхүү эхлэхийн цэг нь гэдэг. Удалгүй Францын феодал ноёдын ордон өргөөнд балет нэвтэрчээ. Эрхтэн дархтанууд дайллага цайллагын үеэр зочдодоо идээ ундаа дэлгэхдээ янз бүрийн үзүүдбэрүүдийг ашиглаж гайхуулан зочдоо эрхэмлэн хүндэтгэж буйгаа илэрхийлдэг байжээ. Жүжигчид бурхадаас авахуулаад эртний философичид, цэргийн нэрт жанжнууд болон ертөнц гол мөрөн, уур нурууд, тэр бүү хэл алдар хүнд, ачтан ауянтан бас шашныг ёгтолж дүрсэлсэн байдлаар хувцаслаж элдэв хөдөлгөөн, үзүүлбэр үзүүлдэг байжээ. Энэ бол балетын жүжгийн дүрүүдийг гаргаж ирж байсан анхны хэлбэр аж.
Нэгдсэн сэдэв үйл явдал бүхий анхны бүжгийн жүжиг францад 16р зууны 2р хагаст тавигдсан бөгөөд “балет” гэдэг хэллэг энэ үеэс урлагт орж иржээ. Гэсэн ч мэргэжлийн бүжигчид 18р зуунаас л бий болэ эхэлж. Энэ үед балетмейстер П.Бошан сонгодог бүжгийн үндэс болсон таван позицийг боловсруулсан байна. Балетыг мэргжлийн урлаг болгон хөгжүүлэхэд Парист 1691 оноос дээрх Бошаны удирдлагын дор байсан хааны дэргэдэх бүжгийн академи, 1671 оноос хөгжмийн зохиолч Ж.Б.Люллигийн удирдлагын дор мөн хааны дэргэд ажиллаж байсан хөгжмийн академи онцгой үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү хөгжмийн академи 1785 онд Парисын дуурийн театр болж өргөжсөн байна. Энэ бол алдарт “Гранд опера” театр.
Европт 19р зууны 20, 30аад онд урлаг, утга зохиолд романтизм ноёлж эхэлсэн нь балетыг ч тойроогүй. Дөнгөж 10 гаруй жилийн өмнө балет хөгжлийн өндөр төвшинд хүрсэн байсны зэрэгцээ уран сэтгэмж нь бодит байдалд дарагдсан хэм маягаас цухуйн гарч чаддаггүй байж. Гэтэл 30аад онд байдал эсрэгээр өөрчлөгдөв. өөрөөр хэлбэл зохиомжид уран сэтгэмж, фантаз давамгайлах болов. Энэ үед эрэгтэй, эмэгтэй бүжиг виртуоз төвшинд хүрч, үсрэлтийн теаник, эмэгтэйн хуруун дээрх бүжгийн техник өндөр хөгжсөнөөр жингүйдэл, агаарт уусан хөвөх мэт мэдрэмжийг бий болгосон. Энэ бүхэн бүжгийн жүжгийн шинэ төрөл болох романтик балетын дүр төрхийг тодорхойлж байв. Энэ үеийн бүжигчдийн сод төлөөлөгч нь М.Тальони. тэрээр бүжгээрээ маш нарийн мэдрэмжийг гаргаж харуулдаг байв. Түүний бүтээсэн дүрүүдэд туяхан, хөнгөн, агаарт заримдаа ертөнцөөс ангид мэт байх. Чухам тэрхүү Тальони романтик балетыг хувцсыг анх гаргаж иржээ. Хөнгөн сиймгэр цагаан өнгийн банзал, нуруундаа жигүүр ургуулж, өсгийгүй зөөлөн гутал өмсөх гэх мэт. Энэ романтик балетын үед олноороо зэрэг тэгш хэм үүсгэж гоцлоочдоо тодруулан бүжиглэдэг бүжиг бий болжээ. Балетын энэ бүх чанарыг анхлан агуулж тавигдсан бүжгийн жүжиг бол А.Адамын “Жизель”. Үүнээс хойш романтик балетын хэлбэр, өгүүлэмж, тавилтыг “Жизель”-тэй харьцуулах жишиг тогтсон байна.

Дэлхийн балетын урлагийн хөгжилд оросын балетын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр их, бүр онцгой гэдэг байна. Петербургийн балетын хүрээлэнгийн балетмейстер М.И.Петипа балетын уламжлал, баялаг сонгодог хэлбэрийг хожим 1850д онд гарч ирсэн балетын төрөлтэй хослуулан тавьснаар жүжгийн шинж чанарыг тодорхойлох, дүр бүтээх тал дээр их амжилт олжээ. Л.Минкусын “Дон Кихот”, “Баядерка” зэрэг нь тэрхүү ололтын илрэл. Петипа илүү ихийг хүсч байлаа. Тэрээр дүрүүдийг бодитой байлгаж, жүжиглэн хүүрнүүлэхийг хичээж байв. Гэтэл энэ зорилгоо биелүүлэхэд нь тухайн үед түүнтэй хамтарч ажиллаж байсан хөгжмийн зохиолчид тухайлбал Ц.Гауни, Л.Минкус нар төдийлөн хань болж чадахгүй байсан байна. Харин уран бүтээлийнх нь сүүлчийн он жилүүдэд П.И.Чайповский хөгжимд хүчтэй түрж орж ирснээр Петипагийн хүёэл мөрөөдөл, зорилго биелжээ. Петипа, Чайковскийн “хунт нуур”, “нойрссон гүнж”-ийг дэглэснээр урьд байгаагүй үр дүнд хүрчээ. Энэ амжилтаа тэрээр балетын хөгжим төгс болсонтой холбон тайлбарлаж байсан байна. Чайковский эдгээр балетынхаа хөгжмийг бусдаас эрс өөр хандлагаар бичжээ. Тэрээр балетын хөгжмийг бүжиг гэдэг утгаар биш харин дуурь, симфони гэсэн өнцгөөс харж бичиж л дээ. Тэгснээр жүжгийн үйл явдлын дотоод урсгал, дүрүүдийг хөгжил тэмцэл дунд нь зурж бүрсэлсэн байна. Энэ бүхнийг хийхдээ тэр орчин үеийн хөгжмийн бүхий л ололт, нээлт, тухайлбал тод тодорхой аялгуу, гармонь, хэмнэл, найруулгыг өргөэ ашиглажээ. Энэ нь Оросын төдийгүй дэлхийн балетад дэвшилд хүргэсэн үйл явц болж балетыг урлагийн хөгжилд нэгэн шинэ эрин үе эхэлсэн нь одоо хүртэл үргэлжилсээр.
П.И.Чайковскийн “хунт нуур”, “Щелкунчик”, “Нойрссон гүнж” гэсэн гурван бүжгийн жүжиг бол дэлхийн балетын ноён гурван оргил ажээ.