1
Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд, өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан, бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.

Хүссэн зүйлээ хийж эхлэхийн өмнө сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би үүнийг хийж чадна гэж эхлэсэн зүйл тань, буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэх итгэлээ алдан гонсойх болно. Энэ нь тийм ч хүсэх зүйл биш, эрч хүчээ алдана гэдэг нь эрсдэл юм. Хийх гэж буй зүйлээ эхлээд судлан, дараа нь түүнийгээ хэрхэн хийх талаар төлөвлөгөө гарга. Мөн бусдын хийхийг ажиглан харж, яаж хийвэл илүү үр дүнтэй, цаг хугацаа хэмнэх вэ гэж дүгнэн, өөрийн арга барилд тохирох хэлбэрийг сонгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэг нь гарч ирэн таны хүслийг биелүүлнэ гэж битгий зүгээр суу. Тухайн зүйлийнхээ талаар мэдээлэл цуглуулж, хийж үзэх гэж хичээвэл үр дүн нь заавал гарна. Хамгийн гол нь та уйгагүй хөдөлмөрлө. Зүгээр л суух юм бол таны хүсэл хий хоосон зүйл болон үлдэнэ. Тиймээс үргэлж эрэл хайгуул хийж, хүссэн зүйлийнхээ үр дүнг үзэхэд цаг зориул.

2
Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
Аливаа зүйлийн эхлэл эхнээсээ дэс дараалалтай байх хэрэгтэй. Цаг ямагт хаана юу хийснээ мэдэж байвал илүү хурдтай ажиллах болно. Мөн ажилдаа бие сэтгэлээ бүрэн зориулж, шамдан ажилласнаар та үр дүнд заавал хүрнэ.

3
Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

Хүн бүр өөрийн гэсэн зорилготой байж түүнийхээ төлөө амьдардаг. Зорилго тодорхойлох эх үүсвэр бол мөрөөдөл юм. Бид мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, өөрийнхөө амьдралыг цэнэглэж, түүнээс сэтгэл ханамжийг авдаг. Мэдээж үүнд саад бэрхшээл гарах нь ойлгомжтой, юунаас болох, яавал бид даван гарах вэ гэдгийн тунгаан бод. Нэгэн зэрэг олон зүйл хийх нь сайн ч түүний үр дүн нь тийм ч сайн биш. Яагаад гэвэл бид анхаарлаа төвлөрүүлж, маш сайн зүйлийг хийх ёстой. Тиймээс аль болох тууштай нэг зүйлд тэмүүлж, үр дүнг нь харах нь чухал.

4
Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

Найз гэдэг бол бие биенээ цэнэглэж, бие биенийхээ дутууг нөхөж байдаг орон зай юм. Найз чинь үргэлж чамайг дэмжиж, тусалж, мэдлэгээ харамгүй хайрласнаар чамд илүү ихийг бүтээх хүсэл төрж, оюуны хайгуулчин, амьдралын идэвхтэй нэгэн хэсэг болно. Зөвхөн сайн найзтай байгаад зогсохгүй чи ч бас найзынхаа нэгэн цэнэглэгч хэсэг байх ёстой. Тэгвэл нөхөрлөл илүү батжиж, зөв атаархал таныг амжилтанд хүргэнэ.

5
Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө.
Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
Төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу ажиллаж, гарсан үр дүнг дүгнэн, дараагийн төлөвлөгөөгөө гарга, өөрчлөлт хий. Энэ нь та өөрийн үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахгүй байхад туслана. Дотроо бодох, цаасан дээр буулгах хоёрын хооронд асар өөр байдаг. Учир нь бид бодолдоо төсөөлж байгаа хэдий ч мартагдах нь олон, харин цаасан дээр буулгаж түүнээ дахин дахин уншвал шинэ санаа төрж, үргэлж санаанд тань байсаар байх болно. Энэ нь таны төлөвлөгөө биелэлээ олох цаг дөхөж байгаагийн шинж юм.
Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
Үнэхээр боломжгүй, амжихгүй бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийнхөө болон найзынхаа цагийг үрж, үл итгэлцэл үүснэ. Мөн чухал ажилтай үед бусад жижиг зүйлүүдээс татгалзаж, үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр та мөрөөдөл, хүсэлдээ хөрөнгө оруулалт хийж, ахиц дэвшил гаргах болно. Мэдээж сайхан сэтгэл, хүн чанар бол маш сайн хэдий ч цагаа олоогүй, үр дүнгүй нөхцлүүд нь хий хоосон цаг үрэхээс хэтрэхгүй тэр цаг хугацаандаа л үлдэн мартагдана.

7
Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
Би чадахгүй, мэдэхгүй гэх тусам та өөрийгөө алдаж байдаг. Хүн бүхэн энэ дэлхий дээр өөрийн гэсэн хийх зүйлтэй учраас л тэр олон эсээс сонгогдон илгээгддэг. Тиймээс өөрийнхөө сайн чанарыг, би юу хийж чадахаа олох хэрэгтэй. Өдөр бүр өөрөөсөө чи юу хийж чадах вэ, юу хийхийг хүсч байна вэ, юу хийвэл аз жаргалтай сэтгэл хангалуун байх вэ гэж асууж бай. Энэ болгонд бодол орж ирэн, өөрийн тань нуугдсан увидас чадварууд аажмаар нээгдэх болно. Үргэлж өөртөө хайртай байж, өдөр бүр өөртөө дурла. Өөртөө таалагдахын тулд өөртөө зориулж бэлэг бэлд, өөрийгөө баярлуулаад үз. Та ч бас баярлах ёстой хүн.

8
Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
Өөрийнхөө муу зуршлыг мэдэж байгаа бол түүнээс салах арга замыг хай. Энэ чамд ямар хэрэгтэй, чамайг хэрхэн эвдэж байгааг анзаар. Өнгө алдан, гундуухан явахыг хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл зогс. Яг одооноос муу зуршлаасаа салж эхэл. Чамд сайхан боломж байна, харин таны муу зуршлууд тэр боломжуудыг чинь хааж, чамайг өөрийнхөө эрхшээлд оруулахаар шийджээ. Ихэнх тохиолдолд хүмүүс дутагдлаа мэдэхгүй, хүлээн зөвшөөрөөгүйгээс болж маш их эрсдэл амсдаг. Сайн ч, муу ч шүүмжлэл бол амжилтын үндсийг тавьдаг. Харин та өөрөө аль замыг сонгохоос л асуудал шийдэгдэнэ. Маш энгийн. Та өглөө би 06.00 цагт босно гээд өөртөө амла. Өглөө бүр амлалтаа биелүүлж байна уу, тийм бол маш сайн. Дахин нэг амлалт өг. Иймэрхүү маягаар амлалтаа хувь хүнээс эхлээд хэвшил дадлаа болгон заншуул. Өөрийгөө зөвшөөрөхгүй байж бусдад таалагдах гэж оролдох нь өөрийгөө үл хүндэтгэн, алиа салбадай болсонтой адил. Өөртөө үнэнч бай, өөрийгөө битгий хуур. Бусад хүмүүс таныг хуурч, таны итгэлийг эвдэж байвал та ядахдаа л өөртөө үнэнч бай.

9
Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав.
Чухам тэр цагийг амрах, хооллоход бүү зориул. Цагаа зохицуулж сур.
Энэ үнэхээр маш чухал. Та өөрийгөө нээх, бүтээн байгуулалт хийх цагаа оллоо. Танд олдсон бүхэл бүтэн өдрийн тэр хэсэг хормыг нандигна, бас бүтээ, урла. Дараа нь дүгнэ, бахарх. Цагийн хувиарлалтаа зөв зохицуулснаар танаас гарах үр дүн маш их байх болно. Магадгүй хойч үе тань таниар бахархаж үлдэх сайхан зүйлсийг бүтээ.

10
Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
Таны өмнө маш олон хэрэгтэй зүйл байна. Гэтэл та үнэхээр чухлыг нь барьж авсан уу, үгүй бол түр азна. Хамгийн чухал ажлаа эхлэ. Дараа нь бусад ажлууд хялбар санагдана.