Хийж байгаа зүйлдээ яаж итгэлтэй болж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх вэ?

Хэрвээ та хийж байгаа зүйлдээ, эсвэл хийх гэж байгаа зүйлдээ итгэлгүй байгаагаас болоод өөртөө итгэх итгэлээ алдаж байгаа бол өнөөдрийн энэ бичээсийг танд зориулж байна.

Заримдаа бид хэдий өөртөө итгэлтэй ч гэсэн хийх гэж байгаа зүйлдээ эсвэл хийж байгаа зүйлдээ эргэлзэж байгаагаас болоод өөртөө итгэх итгэлээ алддаг.

Жишээлбэл: Миний хийх гэж байгаа, эсвэл миний хийж байгаа энэ зүйлийг хүмүүс хараад юу гэж бодох бол? Миний хийж байгаа зүйл бусдад таалагдахгүйгээс болоод намайг шүүмжилбэл яанаа? Миний хийх гэж байгаа зүйлийг хараад тэнэг, хэнд ч хэрэггүй зүйл байна гэж бодвол яанаа? Хэзээ ч бүтэхгүй юм хийх юм гэвэл яанаа? г.м. бодлууд бодсоноос болоод бид өөрсдөндөө итгэх итгэлээ алддаг.

Тиймээс энэ байдлаас хэрхэн гарах вэ? Хийж байгаа зүйлдээ хэрхэн итгэлтэй болох вэ? Өөртөө итгэх итгэлээ хэрхэн дахин олж авах вэ? гэдгийг өнөөдрийнхөө бичээст оруулж байна.

Хүн бүр нэг газраас эхлэх хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ хүн бүрийн өөртөө итгэх итгэл тийм дээгүүр байдаггүй, тэр тусмаа анх шинээр ямар нэгэн зүйлийг хийж эхлэхэд өөртөө итгэх итгэл муу байдаг. Хэрвээ бидэнд шинэ санаа төрж, түүнийхээ дагуу өдөр бүр үйлдэл хийж байгаа бол хэн нэгнээс шүүмжлэлийг байнга сонсоно.

Тиймээс хэрвээ та өөртөө итгэх итгэлтэй болж байгаад, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байгаад ямар нэгэн юмыг хийж эхлүүлнэ гэж бодож байгаа бол “уучлаарай, та хэзээ ч хийж эхлүүлэхгүй” гэдгийг хэлмээр байна.

Надад ч гэсэн анх ямар нэгэн юм шинээр хийж эхлүүлэх гэхээр миний тархинд дээрхтэй адил янз бүрийн бодлууд их орж ирдэг байсан учраас өөртөө итгэх итгэлээ их алддаг байсан гэж болно. Би энэ байдлаасаа хэрхэн гарч чадсан бэ гэвэл өөрийнхөө анхаарлыг хийж байгаа зүйл рүүгээ төвлөрүүлж өөрөөсөө энэхүү асуултыг асууж эхэлсэн. “Миний хийх гэж байгаа зүйл эсвэл миний хийж байгаа зүйл бусдад хэрхэн тус болох вэ?” энэ асуултанд хариулснаар, энэ асуултын хариултан дээр анхаарлаа төвлөрүүлснээр миний хийх гэж буй зүйл эсвэл хийж байгаа зүйл ямар их үнэ цэнэтэй, бусдад хэрэгтэй зүйл болохыг мэдэрч чадсан учраас түүндээ итгэж, хийх зүйлээ цааш үргэлжлүүлэн хийдэг болсон.

Тэгэхгүйгээр өөрийгөө бодоод л би ямар харагдаж байгаа бол, би чадаж байна уу, би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу гэх зэргийн юм бодож өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр би юу ч хийж чадахаа больчихдог. Харин анхаарлаа өөрөөсөө холдуулаад, өөрийнхөө хийж байгаа зүйл дээрээ, бусдад яаж тус хүргэж байгаа гэдэг дээр төвлөрүүлээд ирэхээр өөрийн эрхгүй хийх хүсэл төрж, түүнийгээ хийдэг.

Өөртөө итгэх итгэлээ дахин олж авах 5 арга.

За ингээд хийх хүсэл төрөөд хийж эхэллээ гэж бодьё, тэгтэл энд тэндээс (магадгүй найз нөхөд, дотны хүмүүс, хөндлөнгийн хүмүүс) хүмүүс гарч ирээд л шүүмжилж эхлэнэ. Зарим тохиолдолд эдгээр хүмүүс тасралтгүй шүүмжилснээс болоод бас өөртөө итгэх итгэлээ явцын дунд алддаг. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэвэл

Хүмүүс таныг яг юу хийгээд байгааг мэдэхгүй, ойлгохгүй байж магадгүй. Тиймээс түүнийгээ цаг гаргаж байгаад сайн тайлбарлаж өгөх боломжийг гаргах
Заавал тэдгээр хүмүүст таалагдаж, тэдний санаанд нийцэх албагүй. Тэднийг орхих хэрэгтэй
Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, баяртай байж сур. Баяртай, аз жаргалтай байгаа хүнийг бусад хараад тэр болгон шүүмжлээд байхгүй байх
Өөрийгөө үргэлж дэмждэг хүмүүсээр хүрээлэгдэх
Өөртөө эрч хүч өгөх, өөрийн итгэлийг нэмэгдүүлэх ном унших, иймэрхүү нийтлэл унших, эрч хүч өгөх дуу, хөгжим сонсох, ганцаардал цагийг гаргах.

Эцэст нь хэлэхэд зарим тохиолдолд өөрийн хүсэл эрмэлзлэл, гаргасан зорилго, амласан амлалтандаа бат зогсохын тулд өөрийгөө шахах хэрэгтэй болдог. Ингэж шахаж чадвал явцын дунд өөртөө итгэх итгэлийг олж авдаг.