“Төсөл аяндаа нурчихдаггүй, түүнийг хүмүүс л нураадаг” гэсэн энэ л үгэнд төслийн аливаа удирдагч, менежерт тулгардаг асуудлуудын мөн чанар төвлөрч байдаг. Ихэнх төсөл санхүүжилт, ажиллах хүч, гүйцэтгэх хугацаагаар үргэлж дутагддаг бөгөөд энэ бүгд азгүйдлийн шалтгаанууд юм. Мэдээж төсөл өөрөө үүлнээс бий болоогүй, өөрөө хэрэгжчихдэггүй, хэн нэгэн түүнийг боловсруулж, санхүүжилтийг нь хангаж, гүйцэтгэх баг хүмүүсийг олж, хэрэгжүүлэх шаардлагатай. Багт орж байгаа хүмүүс төслийн амжилтыг (эсвэл уналтыг) хариуцна.

Энд төсөл удирдахад зориулан барууны нэрт шинжээч Сюзан Сандеккерийн “Мэдээллийн технологийн төслийн багийг удирдах нь” гэсэн номын үндсэн санааг өгүүлье.
Та бидний хэн нь ч давтагдашгүй бөгөөд өөрийн өвөрмөц ертөнц, ертөнцийг үзэх үзлээ тухайн ажиллаж байгаа багтаа шингээж байдагт амьдралын мөн чанар оршдог. Аливаа ажил үр дүнд хүрэх эсэх нь л чухал бөгөөд энэхүү ажлаасаа хүн таашаал авч байх ёстой. Иймээс аль болох бага хүчин чармайлт гаргаж, тухайн багийн гишүүн бүрээс аль болох их зүйл авах нь удирдагч хүний зорилт юм.
“Хүчээр бус, ухаанаараа илүү ажилла” гэсэн эртний зүйр цэцэн үгийг энд санахад илүүдэхгүй. Дараах энгийн хэдэн дүрмийг баримтлах аваас амжилтанд хүрэх таны замыг хөнгөвчлөх болно.

1-р дүрэм. Багийн бүрэлдэхүүн нь тавьсан зорилгод тань нийцэж байна уу гэдгийг магадла.

Багийг өндөр бүтээмжтэй байлгахын тулд амьдралын янз бүрийн түүх намтартай, ажиллах арга барил, чадвар, туршлагаар өөр өөр хүмүүсийг багийн бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй. Багийн бүрэлдэхүүн хэт нэгэн төрлийн байх нь сэтгэн бодох идэвхийг бууруулах, хүмүүс бүгдийг нэг л янзаар харснаас болж алдаа гаргах, хаях орхигдуулах явдал олонтаа гаргахад хүргэдэг байна. Иймд багтаа сонирхлын өөр өөр бүлгээс ажлын янз бүрийн арга барил, туршлага, авъяас бүхий (үйлчлүүлэгч, хэрэглэгч, менежер, чанарын шинжээч, тоног төхөөрөмж, програм хангамж болон тестийн мэргэжилтэн г.м.) хүмүүсийг татан оруулахыг эрмэлзвэл зохино. Янз бүрийн хүмүүс байх тусмаа илүү үр дүнтэй. Иймд шаардагдах чадвар бүхий хамгийн сайн тохирох хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал.

2-р дүрэм. Төслийн болон багийн зорилгыг нарийвчлан тодорхойл
Өндөр бүтээмжтэй баг амжилттай ажиллахын үндэс нь зорилгоо сайтар ойлгох явдал. Төсөл, төслийн зорилгыг нарийвчлан тодорхойлсноор багаас юу хүсч, үндсэн ямар үр дүнгүүд хүлээгдэж байгааг баг сайтар ойлгож, үүний үр дүнд төсөл хавьгүй илүү амжилтанд хүрдэг байна. Олон газраас хүмүүс оролцсон багийн хувьд дэлхийн өнцөг булан бүрт байгаа гишүүддээ амжилттай хоршин ажиллах боломж олгож, нэгэн зорилгод хүрэхэд энэ нь бүр ч их ач холбогдолтой.

3-р дүрэм. Ажилтан бүрийн үүргийг нарийвчлан тодорхойлж, онцлох авъяас чадварыг нь дэмж
Багийн гишүүн бүр баг доторхи өөрийн онцгой үүргийг ойлгосон байх ёстой. Бодит байдалд эдгээр үүрэг нь хувь хүн бүрийн авъяас чадварыг нээж ашиглах хөшүүрэг болж байдаг. Хэрэв хүн тааламжтай нөхцөл байдалд ажиллах юм бол илүү үр дүнд хүрдэг байна.
Ямар ч төсөл нь тухайн ажилтанд судлах сурах, шинэ ур чадвар эзэмшиж хөгжих сайхан боломж олгодог. Тийм ч учраас багийн дотор эзлэх байр суурь нь энэ боломжийг төдийгүй шинэ хүмүүстэй холбоо тогтоох боломжийг багийн гишүүн бүрт олгож байх ёстой.