Өөртөө итгэх итгэл нь таны өөдлөх замын анхны алхам юм. Өөрийн хүчинд итгэж чадсанаар та бүгдийг бүтээж, амьдралаа өөдрөгөөр залж явах боломжтой болно.
Юуны өмнө өөрийн амьдралын зорилгоо тодорхойл.
Өөрийн гэсэн зорилготой хүн амьдралд өөдрөгөөр хандаж, бүхнийг төлөвлөж, цагийг ягштал баримталж чаддаг. Зорилготой хүн хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, амьдралаас хүссэнээ авч чаддаг. Өөрийн гэсэн зорилгогүй хүн л өөртөө итгэлгүй амьдардаг гэдгийг хэзээд санаж яваарай.
Зорилгодоо хүрэх таны алхмууд бүгд тодорхой байх ёстой.
Хэрэв тийм биш бол таныг зорьсондоо хүрч чадахгүй гэдгийг шуудхан хэлье. Мөн алхмаа зөв тодорхойлж байж л та санасандаа хүрч чадна гэдгийг анхаар. Алхмуудаа сайтар тодорхойлж, дэс дараалан биелүүл. Алхам алхмаар урагшилсаар таны хүсэл биелэх болно.Та өдөр бүр өөрийн төлөвлөгөө, үзэл бодлоор амьсгалж, амьдарч явах ёстой.
Танд өөр эргэлзэж, тээнэгэлзэх зүйл үгүй бол өдрөөс өдөрт өөртөө улам бүр итгэлтэй байх болно. Итгэлтэй, зорилготой хүний ажил үйлс хурдан бүтдэг.
Хорвоо ертөнцийг зөвхөн өөрийн нүдээр хараад үз.
Өөр хэний ч нүдээр биш. Өөрөөр хэлбэл, сайн муу, сайхан муухай бүхнийг зөвхөн өөрийн нүдээр олж харахыг хичээ. Та муу муухайг жигшиж, сайн сайхныг бахархан харж чаддаг байх ёстой.
Аливаад хандах өөрийн гэсэн үзэл бодолтой бай.
Бусдын үгийг бүү дага. Тэд танд сайныг зөвлөх ч саарыг зөвлөх нь бүр ч олон. Ямар ч яриа, маргааны үед өөрийн гэсэн үзэл бодлоо бусдад эвтэйхнээр илэрхийлж сур. Yзэл бодлоо бусдад илэрхийлэх гээд чаддаггүй хүн олон байдаг. Тэдэнд зөвлөхөд, аажим аажмаар ганц нэг өгүүлбэрээр ч болтугай бусдад үзэл бодлоо илэрхийл. Болохгүй бол толинд харж байгаад ч болтугай дасгал, сургууль хий. Уйгагүй хөдөлмөр ямагт амжилт дагуулдгийг сана.
Танд янз бүрийн бэрхшээл учирч мэдэх юм.
Энэ асуудал ганцхан танд бус хүн бүхэнд тулгардгийг сана. Бэрхшээл бол даван туулах ёстой алхам болохоос биш айх зүйл огтхон ч биш. Аливаа бэрхшээлийг даван туулах тусам хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрөөрөө бахархаж эхэлдэг.
Ямар ч найдваргүй гэж бодсон хүнд ч эцсийн найдвар байдаг гэсэн үгийг бүү март. Өөрөө шийдэж дийлэхгүй бол бусдаас тусламж гуй. Найз нөхөд, эцэг эх, хамаатан садан хэнд ч хандаж болно шүү дээ. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Тэдний тусламж, дэмжлэгийн ачаар та зорьсондоо заавал хүрэх болно.
Бусдын уур уцаар бүхнийг өөртөө тусган хүлээж авсны хэрэггүй.
Ууртай хүн бүхнийг дагаж, тэдний аяар гүйгээд байвал бие чинь гүйцэхгүй шүү дээ. Та өөрөө ч аль болохоор уурлахгүй байхыг хичээгээрэй. “Уур биеийг зовооно “ гэсэн үгийн утгыг санаж, амьдралаа гэгээлэг, өөдрөгөөр харж яв.
Өөрийн биеийн хэлбэр галбирт нэг их санаа зовсны хэрэггүй. Тэртэй тэргүй хүн бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой шүү дээ.