Эр хүний дэргэд элгэмсүүхэн эрхлэх гэж, эр хүн гэдгийг нь илэрхийлэх бүхэнд шунан дурлах гэж, эр сэтгэл, эр ертөнцийн хөрснөө ургах гэж, эрдүү алхаа, эрэмшүү зориг, халимаг үс, ширүүхэн ч юм шиг арьсных нь ширхэгийг мэдрэх гэж, ядраад харихад нь халамжлан угтах гэж, яараад ирэхэд нь инээж тосох гэж, дуртай хоолыг нь хийх гэж, хөлс үнэртсэн цамцыг нь угаах гэж би бүсгүй хүн болж төрсөн.

Гэзгийг минь эв хавгүйхэн задлахыг мэдрэх гэж, гэрээ дүүргэн суухыг нь харах гэж, ээж байх гэж, энгэрт нь хяраад туних гэж уурлахад нь аргадах гэж, уйлахад нь нулимсыг нь арчих гэж, бүдрэхэд нь түших гэж, өндийхөд нь тулах гэж би эр хүний дэргэд эмэгтэй хүн болж төрсөн. Алдааг нь хуваалцах гэж, амлалтыг нь урамшуулах гэж, онгироход нь хөөргөх гэж, олзонд шунахад нь олныг ухааруулах гэж, өглөөд яарахад нь өвөртөө хоргодуулах гэж, өнгө дагахад нь өөртөө татах гэж, үдэш ирэхэд нь үрээ тэврээд угтах гэж би бүсгүй хүн болж төрсөн.

Хатуу үгийг нь давах гэж, халираад буцахад нь омогшуулах гэж, хардахад нь гомдох гэж, гомдооход нь уйлах гэж… Хаяад гарахад нь гуйх гэж, ханьсаад буцахад нь уучлах гэж…Би хэн ч байсан хамаагүй эр хүний дэргэд эм хүн л байх гэж бүсгүй төрлийг олсон. Бүсгүй та түүнтэй өрсөлдөж бус өөриймсөж амьдар… Тэд өөрөөс чинь нулимсаа, сэтгэлээ, омгоо, эмзэглэлээ, уналтаа, уураа нууж байгаа бол та түүнийх байж чадсангүй…