Эхэлсэн бодлын чинь үзүүрийг зангидахаар
Эмхрээгүй сэтгэлийн чинь хатыг уяраахаар
Эр бардам омгийг чинь хөглөхөөр
Эмзэгхэн бөгөөд танхилхан би оршино
Уужуу тайвуу ухааныг чинь бишрэхээр
Урваж хөрвөдөг бодлыг чинь тэгшлэхээр
Угтах ирээдүйг чинь хамтдаа бүтээхээр
Ухаалаг бөгөөд ялдамхан би оршино
Чанад хэтийн зорилгод чинь хүргэхээр
Чанга хатуу сэтгэлийг чинь уяраахаар
Чамд л зориулах хайраа тээсээр
Чамин бөгөөд эрхэмсэг би оршино
Дэврүүн их хүслийг чинь бадраахаар
Дэндүү их хайрыг чинь амтлахаар
Дэргэд чинь л эрхлэн жаргахаар
Дэгжин бөгөөд эрхэмсэг би оршино
Хэзээ нэгэн цагт учрах хайрынхаа төлөө
Хээнцэр бөгөөд үнэнчээр би оршино
Хэзээ нэгэн цагт учрах зоригт залуу чиний төлөө
Хэнд ч хууртаж уярахгүйгээр ихэмсэг би оршино…