Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа “хар” тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм