Амьдрал ямар амттай вэ? Гашуун, чихэрлэг, шорвог, нялуун, зөөлөн..

Амьдралын амт гэдэг бол тансаг хоол биш, архи дарс ч биш, амтат чихэр ч биш, брэндийн хувцас ч биш, өдрийн 3 хоол ч биш, хаус, роллс ройс, наргиан шоу биш.
Энэ бол зовох цагаа мэдэж, түүнээс өрсөж уралдах замнал.

Энэ бол хэн нэгний айдас, гунигийг өөрийн биеэр амссан мэт мэдэрч, өөрийн байдалд сэтгэл тайван амьдрах арга.
Энэ бол буруу яваа нэгнийгээ зөв гольдролд нь оруулж, зөв яваа нэгнээ улам зүлгэж өргөх юм. Энэ бол цаг зуурын сэтгэлийн таашаал, түр зуурын наргиан болоод өнгөрөх бус, насан туршдаа хараад баярлах, бодоод догдлох, бахархах, өөрт бөгөөд бусдад сургамжтай тэр л үг, үйлдэл юм шиг..

Яг одоо миний энэхүү бичвэрийг бичиж байх үедээ сонсож байгаа шувуудын жиргэх дуу, халуун наранд саравчинд ямар ч хүн, машины дуу сонсогдохгүй, зүлэг, ой моддын дунд суугаад “Loving you” дууны оркестр хувилбарыг сонсон сууж байгаа нь өөрөө амьдралын амттай амт..

Бяцхан хүүхдийг хөл нүцгэн зүлгэн дээр гүйж явааг нь харах амьдралын амт.

Үс маань салхинд хийсээд л, ирэхгүй байгаа нэгнийг догдлон хүлээх, ижийгээ санах, цаг хугацааг тоолон хүлээх, тэр бүү хэл тэр цаад сандал дээрээс хэн нэгэн зорин зорин ирж хогийн саванд хог хаяхыг нь харах хүртэл амьдралын амт ч юм шиг, хэхэ.

Тэртээ хол галт тэрэг яваа сонсогдоно, сонсогдож байгаа бүхэн минь нэг л амттай зохицолдолгоо.

Өглөө босоод нар гарахад, бороо ороход, цас ороход би баярладаг. Өглөө босоод гэрээсээ гарахдаа би баяртай байдаг. Зорьсон газартаа хүрэх замдаа хүмүүсийг ажин, нэгэн өглөөг хүмүүс яаж эхлүүлж байгааг харах дуртай. Өдрийн туршид нэгэн үеийнхэн юу хийж, бодож явдгийг мэдэх зугаатай.

Ямар ч үед, хаана ч, юуг ч хийж явсан өөртөө жаргалтай, зөв замаар үүргээ биелүүлэх нь жаргал. Орой гэртээ харих гэж яарах нь жаргал. Гэртээ очоод амрах нь жаргал. Өдөр бүр өнгөрсөөр, өнгөрсөөр..

Энэ амьдрал чинь ер нь зөв өнцгөөс нь харвал тэр чигээрээ жаргал юм биш үү?

Мэдээж амьдрал өөрөө хүн бүрт ч бөөн аз жаргал дүүрэн харагдахгүй нь тодорхой л доо.

Харин тэр бүхнийг яаж ийж байгаад эвийг нь олоод, сайхныг нь олж харж, өөртөө өгөгдсөн бүхэнд талархаж байх хэрэгтэй юм шиг.. Тодорхойлбол, хүн хичнээн ядуу зүдүү байлаа ч үүнээс дор байж болох л байсан хэмээн, улам урагш тэмүүлж, байгаадаа баярлах нь зүйн хэрэг. Хүн хичнээн бие муутай байлаа ч амьд яваадаа, сайхан зүйлсийг харж, мэдэрж чаддагтаа баярлах хэрэгтэй.

Хүн чамд ямар ч гэм хийж болно, дарамталдаг байж ч болно. Ямар нэгэн эвгүй зүйл сэтгэлд чинь чулуу шиг хатуугаар байсаар ч байж болно. Өнгөрсөндөө муу муухай зүйлсийг ихийг хийж байсан байж ч болно. Гэхдээ эцэстээ хүн өөрөө өөрийгөө хэн байсан бэ гэхээсээ илүү хэн байх ёстой вэ гэдгээ ухамсарлан, тэрхүү “төгс төгөлдөр” дүр төрхийг дотроо бий болгож, түүнд хүрэх замаа хөгжилтэй, жаргалтай, зөв, бусдад болон өөртөө хүртээлтэй, ухаантайгаар зорих нь амьдралын хамгийн гол амт нь билээ.IMG_3044