Яг л тийм зүрхнээсээ төөрсөн эрвээхэй шиг
Хэрэн хэссээр нэгэн газар зогсох шиг
Хэнтэй ч хамаагүй мэдэхгүй хэлээр нь ярих шиг
Хэцүү үе надад ч бас их бий шүү

Гэмгүй амтлаа гэлдчих гэмтэй юм шиг царайлах шиг
Гэртээ өөрийнхөөрөө гадуур явахдаа өөр нэгэн шиг
Нулимсаа би амсаж үзээд инээх шиг
Болчимгүй алдаанууд ч надад тун их шүү

Зурагт үзээд уйлдаг атлаа амьдрал дээр тэс өөр юм шиг
Архинд согтож үзээгүй атлаа хөгжимд бүрэн согтох шиг
Хэрэн хэсүүчилж үзээгүй атлаа тэнэмэл нэгэн шиг
Өөрөөсөө нуусан зүйл ч мөн их шүү

Бусадын алдааг би давтахгүйг хичээх шиг
бусадтай адил байхыг хүсэхгүй ч хааяаа хальтрах шиг
Хэлж болохгүй гэж мэдсэн атлаа бусадын зүрхийг үгээрээ урах шиг
Миний ам ч гэсэн их нүгэлтэй шүү

Биеээрээ амсаж үзээгүй зовлон юу ч биш юм шиг
Өөрийнхөө зовлонд уйлж бусадыг шоолж инээх шиг
Өрөвдөх сэтгэлтэй атлаа дайснаа үүрд үзэн ядах шиг
Өөдгүй зан ч надад тун их шүү